Tuesday, June 5, 2018


ГЭР БҮЛ ГЭДЭГ АЗ ЖАРГАЛТАЙ 
БАЙХ НУУЦ ЮМ ШҮҮ ДЭЭ

Бороотой шивэрсэн зуны үдэш зуслангийн байшинд хамар цоргих шарсан махны үнэр, хүүхдийн инээд цалгисан шуугиан, өвөө эмээгийн энхрийлэл гэр бүлийн халуун дулаан орчин. 
Яг энэ үед л 12 настай охин минь ээжийнхээ утасны тэмдэглэлд энэ мөрийг гэр бүлийн зургийн хамт оруулсан байж.


БОРОО ДУУГАРСАН 
САЙХАН ОРОЙ
ГЭР БҮЛ ГЭДЭГ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НУУЦ ЮМ ШҮҮ ДЭЭ.


12-хон настай охин минь тэр мөчийг ингэж гайхалтай мэдэрчээ.

Тиймээ гэр бүл гэдэг бүхнээс үнэ цэнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ

Гэр бүлийнхээ үнэт зүйлсийг хэрхэн бүтээх вэ? 
Бид өөрсдийн амьдралын хэв маяг, үзэл, хандлагатай. Гэр бүл аз жаргалтай байна гэдэг зөвхөн өөрөөс чинь эхлэлтэй юм шүү дээ. Хувь хүн өөрөө эерэг, эрч хүчтэй, ухаалаг байж орчиндоо өнгө нэмж эерэг бүхнийг бүтээдэг.
АМЬДРАЛ ӨӨРӨӨ БАЯЛАГ. Үргэлж хийж хэвшсэн ажлаас зайлсхийж, шинийг эрэлхийлж шинэ бүхнийг туршиж үзэх нь амьдралыг харах өнцөг, явах замыг нээж өгдөг. 
Сайхан бүхнээ бусадтай хуваалцаж, өнөөдрөөр өөдрөг амьдарч, жижиг зүйлсээс ч эерэг бүхнийг мэдрэх, хайртай, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, талархах, дуртай зүйлдээ цаг гаргах, бүх зүйлд сэтгэл хангалуун байх, бусдад туслах зэрэг нь аз жаргалыг үргэлж нэмэгдүүлж байдаг.

Олон зүйл бодох тусам асуудал үргэлж байна. Хүүхдүүд олон бодолгүй болохоороо л аз жаргалтай байдаг. Тэгвэл яаж дарангуйлагч бодлын учирыг олох вэ? 

Бодлыг биш мэдрэмжийг дага. Алхахдаа алхаагаа л мэдэр. Идэхдээ хоолны амтыг,  хацарыг тань илбэж буй салхийг мэдэр. Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй үүлсийг бишир, танд амьдрал бэлэглэж буй наранд таларх, хөгжим сонсож аялгуунд уус.
Бодлыг бүү дэмж. МЭДРЭМЖ-ийг л дэмж. via FB
5 жилийн өмнө дүү Ундраа маань "Аз жаргал" хэмээх ухаалаг сайхан шүлэг бичсэнийг танилцуулъя.

АЗ ЖАРГАЛ
Би бурхан нь ч биш чөтгөр нь ч биш
Зүгээр л хүн
Бас шилдэг нь ч биш адаг нь ч биш
Энгийн л нэгэн
Надад гавьяа нь ч бий алдаа нь ч бий
Алдар нэрээр би дутаагүй ээ
Надад илүү ч хэрэггүй дутууг ч хүсэхгүй
Байгаа бүхэндээ би сэтгэл хангалуун
Өдөр ирэх тусам би ингэж бодох боллоо
Үнэт зүйлс, хүсэл зорилго минь ч улам энгийн болох боллоо
Өөрт байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэг
Өнөөдөр миний аз жаргалтай байх шалтгаан биш гэж үү
Анд найз минь чи бас бодоод үзээрэй
Амьдралд чинь юу хэрэгтэйг дурьдаад бичээрэй
Алдар нэр, эрх мэдэл, эрүүл мэнд, эд хөрөнгө
Айж ичиж санаа зоволгүй ар араас нь цувуулаарай
Аль аль нь чамд байгаа гээд тоолоод үзээрэй
Аль нь байхад чи бүрэн жаргах гээд байна тунгаагаад бодоорой
Хүсэл биелэх бүр дараагийх нь гарч ирсээр л байх болно
Хүн жаргахад заавал нэг зүйл дутуу санагдсаар л байх болно
Хүсэхээ болиод харин өөрт байгаагаа тогтоод нэг харвал
ХҮРЭХ БОЛОМЖГҮЙ МЭТ ТЭР АЗ ЖАРГАЛЫН ШАЛТГААН
Хүсэлд тань биш чамд өөрт чинь байгааг олж харах болноо
Хүссэн зүйлээ олж авахыг амжилт гэдэг бол
Хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг

АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ ЮМ ШҮҮ



No comments:

Post a Comment